Өмнөд Чолла мужийн Гуанжу хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэв.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран Өмнөд Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консулын дэмжлэгтэйгээр 05 дугаар сарын 13-ны Бямба гарагт тус мужийн Гуанжу хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ.
Алслагдмал бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор жил бүр тодорхой давтамжтайгаар нүүдлийн консулын үйлчилгээг зохион байгуулж консулын үйлчилгээг үзүүлдэг ба энэ удаад ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан дахь Консулын газартай хамтарч зохион байгуулсан нь онцлогтой байв.
Энэ өдөр төрсний бүртгэл, иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлт бүртгэл, гадаад паспортын захиалга, буцах түр үнэмлэх, итгэмжлэл, нотариатын гэрчлэл, бүх төрлийн лавлагаа олгох зэрэг 8 төрлөөр 155 иргэнд үйлчиллээ.
Арга хэмжээний үеэр emongolia болон цахим нотариатын consul.notary.mn цахим үйлчилгээний порталд хэрхэн бүртгүүлэх ямар төрлийн үйлчилгээ авч болох талаар иргэдэд танилцуулж зөвлөгөө өгөв.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Төрийн банк, мөнгөн шилжүүлгийн “GME” компани, ус, агаар цэвэршүүлэгч “Coway” компани, БНСУ дахь үл хөдлөх зуучлалын “UA Properties” компаний салбар, орчуулгын “Мон-Скай” ХХК зэрэг 8 байгууллага хамтран оролцож 16 төрлийн үйлчилгээг танилцуулж давхардсан тоогоор 366 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.