Олгогдоогүй цалин, шийдвэрлэх дараалал, өргөдөл гаргах тухай
2024-01-17
Олгогдоогүй цалин гэж юу вэ?
Ажил олгогч нь ажилтанд (хууль бусаар хөдөлмөр эрхлэгч ч хамаарна) олгох ёстой хугацаанд нь (цалинг олгохоор тогтоосон өдөр) хөдөлмөрийн хөлсийг нь өгөөгүй буюу ажилтныг ажлаас гарснаас хойш цалин болон тэтгэмжийн мөнгийг 14 хоногийн дотор олгоогүй бол олгогдоогүй цалин гэж үзнэ.
Хэрхэн шийдвэрлэх вэ?
Ажлын байрны харьяа орон нутгийн Хөдөлмөрийн маргаан шийдэх газарт өргөдөл гаргана. Өргөдөлд ажил олгогчийн хаяг, утасны дугаар, ажил олгогчийн овог, нэр зэрэг холбогдох мэдээллээс гадна хөдөлмөрийн гэрээ, цалингийн баримт, цалингийн дансны хуулга, ажилласан цагийн бүртгэл гэх мэт материалыг хавсаргана.
Шийдвэрлэх дараалал
Хөдөлмөрийн маргаан шийдэх газраас иргэний өргөдлийг хүлээн авч, цалингийн өр авлага байгаа эсэхийг тодруулна. Олгогдоогүй цалин байгаа нь нотлогдвол мөнгөн дүнг нь тогтоож, ажил олгогчид шаардлага хүргүүлнэ. Ажил олгогчоос шаардлагыг хүлээн зөвшөөрвөл тухайн иргэний цалингийн өр авлагыг барагдуулснаар асуудал шийдвэрлэгдэнэ. Хэрэв Хөдөлмөрийн маргаан шийдэх газраас гаргасан шийдвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд, эсхүл тухайн компани дампуурсан зэрэг санхүүгийн чадваргүй болох нь тогтоогдвол хэргийг иргэний хэргийн шүүх рүү шилжүүлнэ. Өргөдөл гаргагч БНСУ-ын Хууль зүйн Яамны харьяа Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвд хандаж улсын өмгөөлөгчөөр төлбөргүй өмгөөлүүлэн, асуудлаа шийдүүлэх боломжтой.
Олгогдоогүй цалин хөлсний нөхөн төлбөрийг улсаас олгох тогтолцоо
Ажил олгогч дампуурсан зэрэг санхүүгийн чадваргүй нь тогтоогдвол улсаас олгогдоогүй цалингийн тодорхой хувийг ажилтанд урьдчилан олгох тогтолцоо бий. Нөхөн олговрын дээд хэмжээ нь 10 сая вон (ажлаас гарсны тэтгэмж болон цалин хөлс багтсан дүн) байна.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Утас: 02-2266-8228, 02-2266-9229