Үйлдвэрлэлийн осол, нөхөн олговор, хүсэлт гаргах тухай

2024-01-17


Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?
 
Ажилтан нь ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлiийн нөлөөнд өртөж гэмтэх, бэртэх, өвдөх, амь насаа алдахыг хэлнэ.
 
Үйлдвэрлэлийн ослын даатгалын хувь хэмжээ, хариуцагч
 
БНСУ-ын хуулийн дагуу үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг үйлдвэрийн хүнд хортой, нөхцлөөс хамаарч цалингийн 0,7-0,34 хувиар ажил олгогч төлнө. Ажилтан төлдөггүй. Ажилчин ажиллуулж байгаа бүх аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн ослын даатгалд заавал даатгуулна. Хууль бус иргэд ч үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн олговор авах боломжтой.
 
Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын төрлүүд
 
1. Эмчилгээ, сувилгааны төлбөр
2. Эмчилгээний хугацаанд олгогдох төлбөр
3. Сувилгааны нөхөн олговор - Эмчилгээ дууссаны дараа байнгын болон түр хугацаанд сувилгаа шаардлагатай, нөхөн олговор авах эрхтэй ажилчинд олгоно.
4. Тахир дутуугийн нөхөн олговор - 1-14 зэргийн алинд хамаарч байгаагаас шалтгаална.
 5. Хохирогчийн ар гэрт олгох нөхөн олговор, оршуулгын зардал - Ажлын 1300 хоногийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг нөхөн олговорт,  120 хоногийн дундаж цалинтай тэнцэх мөнгийг оршуулгын зардал болгон ар гэрт нь олгоно.
 
Үйлдвэрлэлийн ослын даатгалын нөхөн олговор авахдаа хаана хандах вэ?
 
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамжийн төвд хүсэлт гаргана. Тус улсын томоохон эмнэлгүүдэд Хөдөлмөр, халамжийн төвийн байцаагчид ажилладаг ба нотлох баримтыг үндэслэн хянан, шийдвэрлэнэ.
 
Анхаарах асуудлууд
  • Хөдөлмөр халамжийн төвөөс дуудсан үед заавал биечлэн очих
  • Ослын талаар бүрэн мэдээлэл өгч, тайлбарлах (БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвөөс орчуулгын тусламж авах боломжтой)
  • Өөрийн биеийн байцаалт болон үйлдвэрлэлийн осолтой холбоотой нотлох баримтуудыг хавсарган бэлдэх, нотлох баримт дутмаг тохиолдолд гэрч оролцуулах
 
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Утас: 02-2266-8228, 02-2266-9229