МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
2026-11-04
МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
1. Виз олгох үндсэн нөхцөл
Гадаад улсын иргэн Монгол Улсад зорчихдоо визгүй зорчих нөхцөлд хамаарахаас бусад тохиолдолд зорчих зорилгодоо нийцсэн ангиллын виз авсан байх шаардлагатай.
Монгол Улсад зорчих зорилго, үйл ажиллагааны чиглэл, оршин суух нөхцөлөөс хамааран 60 орчим төрлийн визийн ангилал үйлчилж байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь К2 ангиллын жуулчны визээс бусад ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийг үндэслэн олгоно.
Харин БНСУ-д урт хугацаагаар оршин сууж буй гадаад улсын иргэдийн К2 ангиллын жуулчны визийн хүсэлтийг Консулын хэлтэст шууд хүлээн авч, шийдвэрлэнэ.
2. Богино хугацаагаар зорчих виз (К1–К8) мэдүүлэх
Монгол Улсад богино хугацаагаар зорчих гадаад улсын иргэд зорчих зорилгодоо тохирсон К1–К8 ангиллын виз мэдүүлнэ.
К1 ангиллын виз
Монгол Улсад зохион байгуулагдах үзэсгэлэн, худалдааны яармаг, хурал, зөвлөгөөн болон бусад арга хэмжээнд оролцох, түүнчлэн богино хугацааны ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих гадаад улсын иргэд ерөнхийдөө К1 ангиллын виз мэдүүлнэ.
Визийн зөвшөөрөл хүсэх этгээдийг Монгол Улсад байх хугацаанаас хамааран дараах байдлаар тогтооно.
1. Монгол Улсад 10 хүртэл хоног байх тохиолдолд:
Виз мэдүүлэгч нь Монгол Улсад уригч байгууллага, хувь хүнгүйгээр визийн зөвшөөрөл авах хүсэлтээ өөрөө гаргаж болно.
2. Монгол Улсад 10 хоногоос дээш хугацаагаар байх тохиолдолд:
Монгол Улсад буй уригч байгууллага, аж ахуйн нэгж, хамтран ажиллагч байгууллагын зүгээс урилга болон холбогдох баримт бичгийг бүрдүүлж, визийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргана.
Визийн зөвшөөрөл хүсэх журам
Дээрх хоёр тохиолдолд визийн зөвшөөрөл хүсэх үйл явц адил бөгөөд виз мэдүүлэгч эсхүл Монгол Улсад байгаа уригч тал Гадаадын иргэн, харьяатын газрын цахим системд нэвтэрч, шаардлагатай баримт бичгийг хавсарган хүсэлтээ цахимаар гаргана.
Визийн зөвшөөрөл хүсэх цахим холбоос:
https://isf.mn/en/service/visa-permit/k/
Анхаарах зүйл:
Виз мэдүүлэхэд шаардагдах баримт бичиг нь зорчих зорилго, визийн ангилал болон виз мэдүүлэгчийн нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байж болох тул хүсэлт гаргахаас өмнө Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулна уу.
Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Уг хугацаанд визээ аваагүй тохиолдолд визийн зөвшөөрөл хүчингүй болох бөгөөд визийн зөвшөөрөл авах хүсэлтийг дахин гаргах шаардлагатай.
3. БНСУ-ын иргэд Монгол Улсад зорчих нөхцөл
БНСУ-ын иргэдийг аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад зорчиход 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл визийн шаардлагаас түр чөлөөлсөн.
Харин аялал жуулчлалаас бусад зорилгоор Монгол Улсад зорчих тохиолдолд зорчих зорилгодоо тохирсон ангиллын виз авах шаардлагатай.
Визийн зөвшөөрөл шаардлагатай тохиолдолд Монгол Улсад байгаа уригч байгууллага эсхүл виз мэдүүлэгч өөрөө Гадаадын иргэн, харьяатын газарт хүсэлт гаргана.
Визийн зөвшөөрөл олгогдсоны дараа Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандаж визээ авна.
4. Бусад ангиллын виз болон цахим виз (e-Visa)
Спорт, соёл, урлагийн үйл ажиллагаа зэрэг тодорхой зорилгоор Монгол Улсад зорчих гадаад улсын иргэд зорчих зорилгоосоо хамааран Е ангиллын виз мэдүүлэх боломжтой.
Түүнчлэн цахим виз авах нөхцөл, шаардлага хангасан гадаад улсын иргэд К4 болон бусад холбогдох ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газрын цахим визийн системээр дамжуулан мэдүүлж болно.
Цахим виз мэдүүлэх хаяг:
Цахим виз мэдүүлэх боломж нь тухайн иргэний харьяалал, зорчих зорилго болон визийн ангиллаас хамааран ялгаатай байх тул холбогдох мэдээллийг цахим системээс урьдчилан шалгана уу.
5. Элчин сайдын яамны Консулын хэлтэст виз мэдүүлэх
Гадаадын иргэн, харьяатын газраас визийн зөвшөөрөл авсан иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, Элчин сайдын яамны Консулын хэлтэст виз мэдүүлнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Хүчинтэй гадаад паспорт
- Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрөл
- Визийн үйлчилгээний хураамж
6. К2 ангиллын жуулчны виз мэдүүлэх
БНСУ-д урт хугацаагаар оршин сууж буй гадаад улсын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчихдоо К2 ангиллын жуулчны визийг Элчин сайдын яамны Консулын хэлтэст шууд мэдүүлж, авах боломжтой.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Гадаад паспортын эх хувь
- БНСУ-ын гадаадын иргэний үнэмлэх (외국인등록증)-ийн хуулбар болон гадаадын иргэний бүртгэлийн лавлагаа (외국인등록사실증명서) – тус бүр 1 хувь;
- Ажил эрхэлж буйг нотлох тодорхойлолт эсхүл суралцаж буй сургуулийн тодорхойлолт – 1 хувь
- Цээж зураг – 1 хувь
- Виз мэдүүлэх өргөдлийн маягт – 1 хувь
Виз мэдүүлэгчийн иргэний харьяалал, БНСУ-д оршин суух зөвшөөрлийн төрөл болон бусад нөхцөл байдлаас хамааран нэмэлт баримт бичиг шаардаж болно.
7. Виз олгох хугацаа
|
Энгийн үйлчилгээ |
Ажлын 5 өдөр |
|
Яаралтай үйлчилгээ |
Ажлын 3 өдөр |
Тайлбар:
- Виз олгох хугацааг шаардлагатай баримт бичгийг бүрэн хүлээн авснаас эхлэн тооцно.
- Нэмэлт баримт бичиг бүрдүүлэх, нягтлан шалгах шаардлагатай тохиолдолд виз олгох хугацаа сунгагдаж болно.
- Амралтын болон нийтээр амрах баярын өдрүүдийг виз олгох хугацаанд тооцохгүй.
8. Визийн материал хүлээн авах болон виз олгох цаг
Ажиллах өдөр: Даваа–Баасан гараг (нийтээр амрах баярын өдрүүдээс бусад)
Визийн материал хүлээн авах болон виз олгох цаг: 13:30–16:30
Байршил: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс
※ Визтэй холбоотой тодруулах зүйл байвал [email protected]. цахим хаягт холбогдоно уу.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ