ПУСАН ХОТЫН ЗАСАГ ДАРГА ЖОН ЖЭ СҮ-ТЭЙ УУЛЗАВ
ПУСАН ХОТЫН ЗАСАГ ДАРГА ЖОН ЖЭ СҮ-ТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд С.Сүхболд 2026 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Пусан хотод ажиллах үеэр тус хотын Засаг дарга Жон Жэ Сү-тэй уулзаж, хамтын ажиллагааны шинэ боломжын талаар санал солилцов.
Элчин сайд С.Сүхболд энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 15 жилийн дараа Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататган бэхжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргасныг тэмдэглээд уг тунхаглалд туссан далайн тээвэр, боомт, тээвэр логистикийн чиглэлээр Пусан хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн, Пусан хот дахь Монгол Улсын Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаад цаашид хотын захиргааны зүгээс Консулын газрыг бүхий л талаар дэмжиж ажиллахыг хүсэв.
Пусан хотын Засаг дарга Жон Жэ Сү хоёр талын харилцаа сүүлийн 10 жилийн хугацаанд соёл, боловсролын салбарт эрчимтэй хөгжиж ирснийг онцлоод, Пусан хотын зүгээс Консулын газрын үйл ажиллагааг цаашид идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн ухаалаг хот төлөвлөлт, далайн тээвэр, боомт, кино урлаг, соёл, аялал жуулчлалын салбараас гадна Нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө байна гэв.