ЭСЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭСЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд зориулсан “Нээлттэй өдөр”арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, Элчин сайдын яамны сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын зорилтын талаар мэдээлэл хүргэлээ.
Арга хэмжээний Элчин сайд С.Сүхболд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд, олон нийтэд нээлттэй, иргэн бүрт хүрч ажиллах, консулын үйлчилгээг түргэн шуурхай, тав тухтай орчинд үзүүлэх, сайжруулахад чиглэсэн, дээд түвшний айлчлалын үр дүнгээр иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх “Immigration Dialogue” болон “Замын зураглал”, мөн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” байгуулах, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солих, монгол хэлээр жолооны дүрмийн шалгалт өгөх зэрэг чиглэлээр хийгдсэн ажлыг мэдээлэв.
Монгол, Солонгосын хооронд консулын салбарын эрх зүйн орчныг бэхжүүлэх, хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ ЭСЯ-наас санаачилсан төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг солонгос хэлээр авах боломж бүрдсэн нь суугаа оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хувьд чухал болохыг онцлов. Мөн ЭСЯ-ны санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажил, цаашдын арга хэмжээ, оролцож буй байгууллагатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Арга хэмжээнд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Оюутны холбоо, Оюун ухааны академийн салбар, Сөүл, Дэгү, Ансан, Чөнан хотод үйл ажиллагаа явуулдаг монгол хэл, соёлын сургалтын төвүүдийн багш, төлөөлөл оролцож, сонирхсон асуудлаар мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийллээ.
Мөн арга хэмжээний үеэр иргэдэд итгэмжлэл, нотариат, иргэний бүртгэл зэрэг консулын үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө, мэдээлэл хүргэв.