images

БНСУ-Д МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-03-17

74

БНСУ-д Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшиж хөдөлмөр эрхлэх боломж нээгдэнэ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Кореа Политехник сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичигт Элчин сайд С. Сүхболд, Кореа Политехник сургуулийн захирал Ли Чоль Сү нар гарын үсэг зурав. Тус коллеж нь БНСУ-ын аж үйлдвэрийн салбарын хүний нөөц бэлтгэдэг хамгийн том сургууль бөгөөд улсын хэмжээнд 40 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Ийнхүү санамж бичиг байгуулснаар Солонгос улсад оршин сууж буй “ТОПИК 3” болон түүнээс дээш хэлний оноотой залуус маань БНСУ-ын засгийн газрын тэтгэлгээр 2 жил тус сургуульд суралцаж, сурсан мэргэжлээрээ шууд ажлын байранд зуучлуулан E-7 визээр оршин суух боломжтой болно.

Түүнчлэн, Монголд байгаа залуус маань шууд хэлний бэлтгэлд ирэлгүй тус санамж бичгийн хүрээнд эхлүүлэх гэж буй “1+2 хөтөлбөр”-т хамрагдан эх орондоо 1 жил хэлний бэлтгэл суралцаж, үргэлжлүүлэн БНСУ-д 2 жил мэргэжлийн боловсрол эзэмшиж хөдөлмөрийн зах зээлд гарах боломж нээгдэнэ.

Кореа Политехник сургууль аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эринд нэн эрэлттэй хиймэл оюун, хагас дамжуулагч, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дата анализ, сэргээгдэх эрчим хүч, барилга зэрэг салбарт чанарын өндөр түвшинд мэргэжилтэн бэлтгэж байна.

Энэхүү сургууль боловсролын бусад байгууллагын адил жил бүрийн 3 болон 9 дүгээр сард элсэлтээ авдаг ба дараах холбоосоор нэвтрэч, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. https://www.kopo.ac.kr/intro.do