СОЛОНГОСЫН ӨМНӨД ГЁНСАН МУЖИЙН ЧАНГВОН ХОТОД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ.
Суугаа улсын Чангвон хотод жил бүр зохион байгуулагддаг “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-ын /MAMF/ 20 жилийн ойн арга хэмжээний зочин орноор Монгол Улс сонгогдсон тул энэ оны 5 дугаар сарын 14-15-нд Чангвон хотод болсон бэлтгэл ажлын Удирдах зөвлөлийн хуралд Элчин сайд С.Сүхболд оролцлоо.
Энэ үеэр Элчин сайд С.Сүхболд Өмнөд Гёнсан мужийн дарга Пак Ван Сү, Чангвон хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жан Гим Юун нартай уулзаж, тус наадмыг энэ 10 дугаар сард Монгол Улсын Морин хуурын чуулга, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг оролцуулах, түүх соёл, үндэсний бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулах зэрэг арга хэмжээний хамт зохион байгуулахаар санал солилцов.
Мөн Өмнөд Гёнсан мужид ажиллахдаа Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Ну Му Хён агсны дурсгалд хүндэтгэл үзүүлж, түүний гэргий, тэргүүн хатагтай Гуан Ян Сүг, БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-тэй уулзав.