images

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЛЕКЦ УНШИВ

Үйл явдлын мэдээ

2024-11-21

118

Элчин сайд С.Сүхболд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-ны тохиож буйтай холбогдуулан энэ өдөр Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн оюутнуудад лекц уншив.
 
 
Лекцийн үеэр Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг оюутнуудад тайлбарлахын зэрэгцээ Монгол Улс, БНСУ 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжин “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
 
Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Элчин сайдын яамнаас олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй талаар дурдав. Түүнчлэн, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, сурлагын өндөр амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудад өргөмжлөл гардуулав.
 
Хангүг Гадаад судлалын Их сургууль нь Монгол хэлний мэргэжилтэн бэлтгэдэг цөөхөн сургуулийн нэг бөгөөд тус сургуулийн Монгол хэлний тэнхимд өдгөө 110 орчим солонгос оюутан монгол хэл, соёлыг шимтэн суралцаж байна.
 
Түүнчлэн, Элчин сайд С.Сүхболд Хангүг Гадаад судлалын Их сургуулийн Санхүү, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ким Минь Жон-той уулзаж, Гадаад харилцааны яамны залуу дипломатуудыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, төрийн дээд, өндөр түвшинд орчуулга хийдэг дипломатуудад зориулсан хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
 
 
Жич: ЭСЯ-наас Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор суугаа орны их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудад зориулан цуврал лекцийг зохион байгуулахаар төлөвлөж байна.