“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд 2024 оны 10 дугаар 14-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Жижиг, дунд үйлдвэрийн газар", "Мишээл Экспо" ХХК болон Сөүл хотын "Дундэмүн" дүүрэгтэй хамтран зургаа дахь удаагаа зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Монгол Улсaд үйлдвэрлэсэн дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд сурталчлан таниулах, тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаанд Үндэсний Ассамблейн гишүүн Хо Ын А болон Дундэмүн Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И Ин Тэ тэргүүтэй дүүргийн төлөөлөгчид өргөнөөр оролцов.
Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг амжилттай хөгжүүлж буй БНСУ-ын сайн туршлагаас суралцах, шилдэг технологи, менежментийг нутагшуулах, солонгосын хэрэглэгчдэд ойртоход энэхүү үзэсгэлэн арга хэмжээ чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглээд дараа дараачийн үйл ажиллагааг зохион байгуулахад ЭСЯ-ны зүгээс идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Жич: “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2024” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. (Хаяг: 서울시 청량리역 4 번 출구)