images

МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

2024-07-28

298

Сүүлийн үед Монгол Улсын хилээс БНСУ-ын иргэд олноор буцаж буйтай холбоотойгоор аялалын зорилгоос бусад зорилгоор Монгол Улсад зорчих тохиолдолд зохих ангиллын визийг авч Монгол Улсад нэвтрэхийг сануулж, визийн талаарх дараах мэдээллийг хүргэж байна.
 
📍 Монгол Улсад зорчигч гадаад улсын иргэн нь тухайн зорчих зорилгодоо нийцсэн визийг авч нэвтрэх бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсад зорчих 60 орчим визийн төрөл үйлчилж байна.
 
📍 Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь К-2 төрлийн аялалын визнээс бусад төрлийн визийг Монгол Улсын Гадаадын Иргэн Харьяатын Газрын виз олгох зөвшөөрлийн дагуу олгодог бөгөөд БНСУ-д байнгын оршин суугч гадаадын иргэнд аялалын визийг тус консулын хэлтсээс олгодог.
 
📍 БНСУ-ын иргэдийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл аялалын зорилгоор Монгол Улсад зорчих тохиолдолд визгүй бөгөөд аялалаас бусад тохиолдолд зорилгодоо нийцсэн ангиллын визийг Гадаадын Иргэн Харьяатын Газарт мэдүүлж, ЭСЯ-ны Консулын хэлтээс виз авснаар Монгол Улсад нэвтэрнэ.
 
📍 Монгол Улсад амины болон албан хэрэгцээний шугамаар (хурал цуглаан, үзэсгэлэн яармаг, бизнесийн уулзалт, арга хэмжээ зэрэг мөн хамаарна) зорчиж буй иргэн ихэвчлэн К-1 төрлийн виз мэдүүлнэ. Визийг мэдүүлэхдээ Монгол Улсад зорчигч гадаадын иргэнтэй хамтран ажиллаж буй байгууллага хувь хүний зүгээс тухайн иргэний зорчих зорилгыг тодорхойлсон албан хүсэлт болон бусад шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж Монгол Улсын ГИХГ-т визний мэдүүлэг хийнэ.
 
📍 Визний зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 60 хоног байх бөгөөд дээрх хугацаа хэтэрвэл виз хүчин төгөлдөр бус болно.
ГИХГ-аас визийн зөвшөөрөл гарсан тохиолдолд визийн зөвшөөрөл, паспорт, визийн анкет, нэг хувь цээж зураг, визийн хураамж төлсөн баримт зэрэг бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ын Консулын хэлтэст ирж виз мэдүүлгийг хийнэ.
 
📍 Визийн хураамж нь визийн төрөл ангиллаас (сингли, мульт) хамаараад харилцан адилгүй бөгөөд нэг удаагийн визийн хувьд яаралтайгаар мэдүүлэхэд 133,000 вон (3 өдөр), энгийнээр мэдүүлэхэд (5 өдөр) 70,000 воны төлбөртэй байна.
 
📍 Мөн хувийн шугамаар Монгол Улсад зорчих гадаадын иргэн К-4 төрлийн цахим виз мэдүүлэх боломжтой бөгөөд ГИХГ-ын evisa.mn цахим хуудсыг ашиглаж виз мэдүүлнэ.
 
☎️ Бусад тодруулах зүйл байвал Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ын Консулын хэлтэст хандана уу. Утас: 02-792-5955