МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ 
️Монгол Улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд хоорондын ээлжит VII зөвлөлдөх уулзалт 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн дэд сайд Ли Хён Хүн нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яамдын төлөөлөгчид оролцлоо.
Талууд 2011 онд байгуулсан Хамтран ажиллах тохиролцоо нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Уулзалтаар Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, цахим эрүүл мэнд, мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр хамтран ажиллах, олон улсын чанарын стандартын шаардлага хангасан эм, эмийн бүтээгдэхүүн импортлох зэрэг асуудлаар санал солилцож, эдгээр чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров.