images

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ХӨГЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-10-30

8

МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ХӨГЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ🇰🇷

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит аравдугаар хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болов.

Хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар даргалж, хоёр улсын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд бүхий л салбарт хөгжиж байгааг дүгнэж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 2026 оны 7 дугаар сарын 9-11-ний өдөр Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Хамтарсан тунхаглалд хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийг эхлүүлэхээр тохиролцсон нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болсныг онцлов.

Талууд энэхүү төрийн айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, ашигт малтмал, соёл, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг И Тэ Жүн эмчийн нэрэмжит болгох Засгийн газрын шийдвэр гарсныг солонгосын талд мэдээлж, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (EDCF)-гийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт ажиллах саналыг Монголын талаас хөндөв.

Түүнчлэн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, “Замын зураглал”-ыг хамтран хэрэгжүүлэх, “Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ” /Immigration Dialogue/ механизмыг 2026 онд байгуулах, визийн нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх чиглэлд тодорхой ахиц гаргах асуудлаар санал солилцлоо.