“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ОРОН НУТАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ СУРГАЛТ ОРОН НУТАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд Өмнөд Чүнчөн мужийн Сөсан хотод байрлах Хансө их сургуулийн солонгос хэлний бэлтгэлийн ангийн оюутнуудад зориулсан ээлжит сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар ЭСЯ-ны Консулын хэлтсээс “Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх нь”, БНСУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас “Мансууруулах бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс шинэ орчинд дасан зохицох, стресс, бухимдлыг даван туулах, нойргүйдэл болон сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, мөрийтэй тоглоомны донтолтоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.
Тус сургалтад Хансө их сургуулийн солонгос хэлний бэлтгэлийн 20 гаруй оюутан хамрагдаж, БНСУ-д амьдрах хугацаандаа хууль тогтоомжийг сахин биелүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах талаар мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэв.
Элчин сайдын яамнаас “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд, ялангуяа оюутан залуусын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор төрийн бус байгууллага, их, дээд сургууль болон хувь иргэдийг хамтран ажиллахыг уриалж байна.