“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛОВ
“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛОВ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд БНСУ-ын Инчон хотын Гён-Ин эмэгтэйчүүдийн их сургуульд суралцаж буй оюутнуудад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, суугаа орны хууль дүрмийг сурталчлан таниулах сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд ЭСЯ-ны Консулын хэлтсээс “Гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх”, БНСУ дахь Төрийн банкны төлөөлөгчийн газраас “Цахим залилангаас сэргийлэх болон банкны зохистой хэрэглээ”, БНСУ-ын Цагдаагийн газраас “БНСУ-ын хууль дүрмийн тухай”, БНСУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албанаас “Хар тамхинаас урьдчилан сэргийлэх тухай”, БНСУ-ын Политехникийн их сургуулиас “Мэргэжил сонголт” зэрэг сэдвээр танилцуулга хийв.
Сургалтын үеэр оюутан залуусын сонирхсон асуултад хариулж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, санхүүгийн болон цахим орчинд аюулгүй байдлаа хангах, БНСУ-ын хууль тогтоомжийг мөрдөх, мэргэжил сонголттой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өглөө. Сургалтад тус сургуульд суралцаж буй нийт 60 гаруй монгол оюутан залуус оролцлоо.
Арга хэмжээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ Гён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал Юг Дон Ин-тэй уулзаж, монгол оюутны хичээл сургалт, оршин суух, дасан зохицохтой холбоотой аливаа хүндрэл, бэрхшээлтэй асуудалд анхаарал халамж тавьж ирсэнд талархал илэрхийлж, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхийг хүсэв.