ИНЧОН ХОТЫН ГАДААД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
Инчон хотын Гадаад эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх төвтэй хамтран ажиллана
Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ Инчон хотын Гадаад эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх төвийн төлөөлөлтэй уулзаж, монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шаардлагатай иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламжийн тогтолцоог сайжруулах, хууль, сэтгэл зүйн зөвлөгөөний уялдаа холбоог нэмэгдүүлэх, яаралтай хамгаалалтын арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, монгол эмэгтэйчүүдийн аюулгүй оршин суух нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Тус төв нь гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх зорилготой төрийн бус байгууллага бөгөөд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх, орчуулгын үйлчилгээгээр хангах, хамгаалалтын болон түр байраар яаралтай хангах, бие даан амьдрах, нийгэмд дасан зохицох хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг байна.
Мөн Элчин сайдын яамнаас Солонгосын Үндэсний цагдаагийн газартай хамтран хүчирхийлэл, хүний наймаанд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан сургалт, мэдээлэл хүргэх, хохирогчдыг хамгаалалтад авах, хууль зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг хамтран зохион байгуулахаар болов.
Иймд, хүчирхийлэл, хүний наймаанд өртсөн, тусламж дэмжлэг шаардлагатай иргэд болон сургалт, зөвлөгөө шаардлагатай их дээд сургуулийн оюутны холбоо зэрэг олон нийтийн байгууллага ЭСЯ-ны Консулын хэлтэстэй холбоо барина уу.
Дашрамд тэмдэглэхэд, БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас гаргасан албан ёсны 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн мэдээллээр Монгол Улсын 55,466 иргэнээс 25,217 эрэгтэй, 30,217 эмэгтэйчүүд БНСУ-д оршин сууж байна.
Инчон хотын Гадаад эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх төвөөс гаргасан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах мэдээллийн гарын авлагыг дараах линкээр орж авна уу.