images

ГАДААД УЛС ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ СЭДЭВ БОЛЖЭЭ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-12-10

9

Гадаад улс дахь монгол хүүхдийн боловсрол чухал сэдэв болжээ.

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр БНСУ дахь “Намү – Хүүхэд, гэр бүлийн сэтгэлзүйн төв”-ийн тэргүүн Б.Үүрцайх, дэд тэргүүн Л.Баттуяа, математикийн багш Ч.Ундармаа, багш Б.Майцэцэг, Б.Онон нартай уулзлаа.

Энэ оны 10 дугаар сарын 30-ны байдлаар БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээгээр Монгол Улсын 58,686 иргэн, үүнээс 0-18 насны 6,718 хүүхэд амьдарч байна. Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүд хэлний бэрхшээл, соёлын ялгаа зэрэг олон сорилттой өдөр бүр тулгардаг нь хичээлийн хоцрогдолд хүргэдэг гол шалтгааны нэг болдог аж.

“Намү” төв нь БНСУ-д амьдарч буй монгол хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол, хэлний бэрхшээл, нийгмийн дасан зохицол зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улс болон БНСУ-д бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм.

Элчин сайд С.Сүхболд төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай танилцаж, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Мөн төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, монгол хүүхэд болон монгол гэр бүлүүдэд бодит дэмжлэгийг хүргэхийн тулд ЭСЯ-наас идэвхтэй, үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.