images

МОНГОЛ ИРГЭД, ТББ-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-02-01

7

МОНГОЛ ИРГЭД, ТББ-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

БНСУ-д айлчлал хийх буй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд Т.Мөнхсайхан, Б.Хэрлэн, Ч.Анар, Д. Ганмаа нар тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-нд уулзалт хийлээ.

Уулзалтаар БНСУ-д сурч, төгссөн оюутан, залуучуудын чадавх, мэдлэгийг эх орны хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлэх, үндэсний соёл, урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, БНСУ-д төрсөн монгол хүүхдийн эрх зүйн орчныг сайжруулах, удаан хугацаанд хилийн чанадад ажиллаж, амьдарсан иргэдийг нутаг буцаах хөтөлбөр хэрэгжүүлэх, хилийн чанадад оршин суугаа тусгай хэрэгцээт иргэдэд тэтгэмж олгох, төрийн цахим үйлчилгээний цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрээтээр ажиллаж буй иргэдийн гэр бүл, нийгмийн асуудалд онцгой анхаарч, тогтвортой бодлого хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургууль дөнгөж төгсөөд төлөвшөөгүй үед их дээд сургуульд суралцахаар ирж байгаа нь гэмт хэргийн эрсдэлд орох, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул гадаад улсад зорчихоос нь өмнө солонгосын хууль дүрмийг таниулан, сурталчлах арга хэмжээ авах, сургалтын жуучлалын төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж, нутагтаа эмчлүүлж, эрүүл амьдрах боломжоор хангах, эм бэлдмэлийн чанар, хангамжийг нэмэгдүүлэх, БНСУ-ын эрүүл мэнд, даатгалын тогтолцооны туршлага, тэргүүний технологи нэвтрүүлэх, боловсон хүчин хамтран бэлтгэх, даатгалын тогтолцоог судлах зэрэг асуудлыг иргэдийн зүгээс тавьж, сонирхсон асуултад нь хариулж, харилцан ярилцлаа.

Уулзалтад хүүхэд, гэр бүлийн хөгжил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол соёл, хэл бичиг, урлаг, сургалтын төв, эмчилгээ, эрүүл мэндийн нийгэмлэг,эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах төрийн бус байгууллага, гэрээний залуучуудын холбоо, оюутан, судлаачдын холбоо, судлаачдын нийгэмлэг зэрэг 10 гаруй байгууллага болон иргэдийн төлөөллийн 50 гаруй иргэд оролцож, үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлэв.