ХҮН АМЫН ӨНДӨР НАСЖИЛТЫГ СУДАЛДАГ ДЭЛХИЙН НЭРТ ЭРДЭМТЭД ГУЧАН ХОТНОО ЧУУЛАВ.
Элчин сайд С.Сүхболд энэ оны 6 сарын 19-22-ны өдрүүдэд Умард Жолла мужийн Гучан хотноо анх удаа зохион байгуулагдаж буй “Хүн амын өндөр насжилтын Сөүлийн форум”-д оролцов.
Энэхүү форумд АНУ, Герман, Сингапур, Их Британи, Швед зэрэг улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 гаруй нэрт эрдэмтэн тэргүүтэй 250 зочид, төлөөлөгч урилгаар оролцож, хүн амын хэт өндөр насжилт хурдацтай өрнөж буй улс орнуудад тулгамдаж буй асуудал хийгээд хэтийн төлөв байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн энэ үеэр БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн бодлогыг танилцуулав.
Хурлын ерөнхий зохион байгуулагч “Сөүл синиорс групп”-ийн Ерөнхийлөгч И Жун Гюн “хүн амын өндөр насжилт гэдэг нь дан ганц статистик тоон өсөлтийг хэлэхгүй бөгөөд хүний амьдралын хэв маяг, нийгмийн суурь тогтолцоонд ихээхэн өөрчлөлт авчирч байгаа томоохон сорилтыг хэлэх бөгөөд эл асуудлаар шийдэл эрэлхийлсэн анхны форум болж буйг дурдаад цаашид “Хүн амын өндөр насжилтын Сөүл форум”-ыг 2 жил тутам зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.
Сингапурын Үндэсний Их сургуулийн профессор Брэйн Кеннеди нь хүн амын өндөр насжилтын судалгаагаар дэлхийд тэргүүлэгч нэрт эрдэмтний нэг бөгөөд “Ойрын ирээдүйд дэлхийн хүн амын 20-иос дээш хувийг 65 болон түүнээс дээш насныхан эзлэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дэлхийн нийт хүн ам зүйн тогтолцоонд эрс өөрчлөлт авчирна” гэв.