МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ-2025” ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгээс 2025 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Сөүл хотноо "Ашигт Малтмалын Олон Улсын Форум"-ыг тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж байна.
Форумын зорилго нь гадаад улс орны чухал ашигт малтмал, газрын ховор метал, элементийн салбар дахь бодлого, технологийн хөгжил, солилцоо, өнөөгийн байдал, хамтарсан судалгаа, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийг танилцуулж, санал солилцлоо.
Форумд Монгол Улс, Австрали, Нигери, Канад, Казахстан, Индонез, Вьетнам, Узбекстан, Киргиз, Тажикистан зэрэг 12 улсын төлөөлөгчид оролцож, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, хайгуул, олборлолтоос үйлдвэрлэлийн шатанд хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцэж байна.
Тус форумд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, Үндэсний Геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг зэрэг төлөөлөгчид оролцож байна.
Форумын үеэр Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Эрчим хүчний бодлогын дэд сайд И Ху Хён, Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн дэд захирал Ким Сэ Жүн нартай уулзаж, газрын ховор метал, элементийн хайгуул, олборлолтын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын явцаар санал солилцов.
Энэхүү форумд Монголын төлөөлөгчид газрын ховор метал, элементийн хайгуул, олборлолтын салбарын өнөөгийн байдлаар илтгэл тавиж, хэлэлцүүлэх болно.