СОЛОНГОСЫН ХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН КОРПОРАЦЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ.
Энэ сарын 15-ны өдөр Элчин сайд С.Сүхболд Солонгосын хийн аюулгүй байдлын корпорацийн Ерөнхий захирал Паг Гён Гүг-ийн урилгаар тус корпорацийн Хойд Чүнчон аймагт байрлах Төв байранд уулзав.
Уулзалтаар Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын хийн түлшний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, аж ахуйн нэгж, хэрэглэгчидэд аюулгүй ажиллагааны мэдлэгт суурилсан мэдээ, мэдээллийг системтэйгээр хүргэх, хийн аюулгүй байдлын чанартай техник, тоног төхөөрөмжид суурилсан дэд бүтцийг байгуулах гэсэн 4 чиглэлд хамтарч ажиллах шаардлага буйг онцлов.
Солонгосын хийн аюулгүй байдлын корпорацийн Ерөнхий захирал Паг Гён Гүг энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр Монгол Улсад айлчлах, Хийн түлшний аюулгүй байдлын салбарт Монгол Улстай хамтарч ажиллах Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж, цаашид дээр дурдсан чиглэлээр ЭСЯ-тай нягт хамтарч ажиллах, цаашлаад Монгол Улсын хийн түлшний аюулгүй байдлын салбарт өөрсдийн туршлагад үндэслэн хувь нэмэр оруулахад бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд С.Сүхболд уулзалтын дараа Солонгосын хийн түлшний аюулгүй ажиллагааны хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэд, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх зорилго бүхий Ус төрөгч, хийн түлшний музейд зочлов.