images

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР БОЛОН МОНГОЛЫН ХИЙН ТҮЛШНИЙ ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2025-04-17

45

Элчин сайд С.Сүхболд 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНСУ-д ажлын айлчлал хийж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны газрын дарга Ч.Чулуунбат, Монголын хийн холбооны Тэргүүн Б.Баатардорж тэргүүтэй төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар Монгол Улсад хийн түлшний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Солонгосын хийн аюулгүй байдлын корпорац, Газрын тосны чанар, хангамжийн газар зэрэг энэ салбар дахь арвин туршлага бүхий төрийн байгууллагатай хамтарч ажиллах боломжийг хөндөж ярилцав.
 
БНСУ-д ажиллаж буй дээрх айлчлалын бүрэлдэхүүнд Монголын хийн түлшний холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд болох Дашваанжил Групп ХХК, Юнигаз ХХК, Горгаз ХХК, Эм Пи Ай Консултант ХХК, Синчи газ ХХК-ийн төлөөллөөс гадна NTV телевизийн сэтгүүлч, зураглаачид багтсан. Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улсын хийн түлшний салбарт тулгамдаж буй хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сайжруулахад ахиц дэвшил гаргах, улмаар хийн аюулгүй байдлыг хангахад чухал алхам болно гэж монгол, солонгосын мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.
 
Цаашид хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, туршлага солилцон, хийн түлшний тоног төхөөрөмж, технологи, судалгаа, шинжилгээ зэргээр хамтын ажиллагааг төрөлжүүлэх шаардлага буйг аж ахуйн нэгжүүдийн зүгээс онцлон тэмдэглэв.