МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ ТЭРГҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ЮТА ИХ СУРГУУЛИЙН АЗИЙН КАМПУСТ АЖИЛЛАЛАА.
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээний цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний төв” байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд 2025 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Инчон хотын Сонгдо-д байрлах Юта их сургуулийн Азийн кампуст ажиллаж, сургуулийн эрхлэгч Грегори Хилл болон бусад удирдлагуудтай уулзан эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Р.Сэддорж, Н.Алтаншагай болон АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХСҮТ-ийн хөхний хавдрын тасгийн эрхлэгч П.Батсүх нар багтсан бөгөөд тус сургуульд сурч буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Грегори Хилл өнгөрсөн жил Юта их сургуулийн захирал Тайлор Рандал Монгол Улсад томилолтоор ажиллаж, хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш харилцаа идэвхжиж буйд баяртай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.