images

МОНГОЛ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2022-09-19

207

Дэлхийн хүн төрөлхтний соёлын биет бус өв болон ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монгол Үндэсний их баяр наадмын дөрөв дахь төрөл болох шагайн харвааны спортыг хилийн чанадад сурталчлах хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-дахь Монгол шагайн харвааны холбоо Монголын шагайн холбооны дэмжлэгтэйгээр хилийн чанадад анх удаагаа аймгийн цол зэрэг олгох тэмцээнийг Гёнги аймгийн Пёнтег хотод 2022 оны 9-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээний нээлтэнд Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар, Атташе Б.Амгалан, Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн Ц.Энхбат, БНСУ дахь Монгол шагайн харвааны холбооны тэргүүн Т.Гал-Өнөр нар оролцлоо.

Нээлтийн үеэр Монгол шагайн харвааг хилийн чанадад хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат аймгийн гоц мэргэн Б.Дашдарьяа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн гоц мэргэн С.Батбаяр, Дархан уул аймгийн Хонгор сумын харьяат М.Түвшинтөгс нарт Элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлж, өргөмжлөл гардуулав.

Мөн тус өдөр хувийн харвааны төрөлд харваачид цэц мэргэнээ сорьж, тэргүүн байрыг Өвөрхөнгай аймгийн Арвайхээр сумын харьяат О.Доржпүрэв, дэд байрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат А.Батзориг, гуравдугаар байрыг Дархан-Уул аймгийн Шарын Гол сумын харьяат Э.Ууганбаяр нар тус тус эзлэв.

Тэмцээн багийн төрлөөр үргэлжилж 10 багийн 80 гаруй харваач өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат аймгийн хошой мэргэн Б.Доржпүрэв ахлагчтай “Их өв” баг, дэд байранд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат аймгийн гоц мэргэн Б.Дашдарьяа ахлагчтай Гуанжу хотын баг, гуравдугаар байранд Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат М.Түвшинтөгс ахлагчтай Үыжөнбү хотын багууд шалгарав. Монгол шагайн харвааг хилийн чанадад сурталчлан дэлгэрүүлж буй тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.