БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ
Сөүл хотын Хөдөлмөрийн бирж нь “Ажлын байраар хангах ерөнхий газар”, “Ажилгүйдлийн тэтгэмж олгох газар”, “Ажил олгогч нарыг дэмжих газар”, “Ажил мэргэжил ур чадварын газар”, “Иргэдийг ажлын байраар дэмжих газар” гэсэн 5 газар, 17 тасагтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажил хайгч, ажил олгогч нарыг дэмжсэн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлагыг тодорхойлох, ажлын байрны асуудлаар мэдээллээр хангах, ажил мэргэжлийн ур чадварын оношлогоо хийх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хувь хүн тус бүрийн онцлогт тохирсон ажлын байранд зуучлах, ажил хайгчийг ажлын байртай болох баталгааг хангасан цогц үйлчилгээ зэргийг нэвтрүүлж байна.
Мөн ажил олгогч нарт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчинг зуучлах, ажилтан бүртгэх, ажил хайгчийн бичиг баримтанд хяналт хийж зөвлөгөө өгөх, ярилцлаганд бэлтгэх, ажил олгогч, ажил хайгч нарын өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Дээрх төрлийн үйлчилгээг гадаад иргэд ч мөн визний ангиллаас хамаарч авах боломжтой ажээ.
Тус хөдөлмөрийн бирж нь иргэдийг ажлын байраар хангах, ажил олголтыг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Сөүл хотын “Хүүхэд залуучуудын ажлын байрыг дэмжих төв”, “Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих төв”, “Дунд болон урт хугацааны ажлын байрыг дэмжих төв”, “Иргэдэд нэгдсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төв” зэрэг өөр бусад байгууллагуудтай хамтарч ажилладаг бөгөөд эдгээр төвүүд нь Сөүлийн “Хөдөлмөрийн бирж”-ийн байранд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Тухайлбал Сөүл хотын хүүхэд залуучуудын ажлын байрыг дэмжих төв нь 15-аас 39 нас хүртэлх ажлын байраар дутагдаж буй иргэдэд ажлын байртай болоход нэгдсэн цогц үйлчилгээг 1:1 буюу хүн тус бүрт тохирсон хэлбэрээр хүргэдэг байна.
Ажил мэргэжлийн чиг үүргийн мониторинг хийх, “AI” хэлбэрээр ажлын ярилцлаганд бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна ажлын ярилцлаганд бэлтгэх өрөө танхимаар хангах, СV зориулалттай цээж зураг авч өгөх, нүүр будалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орон зайг бий болгосон байна. Тус төвд гадаад оюутнуудад зориулсан үйчилгээний тусгай цонх ажиллуулж байгаа бөгөөд БНСУ-ын их дээд сургуульд D-2 визээр оршин сууж буй гадаад оюутнуудад ажлын байр хэрхэн олох, өөрийн онцлог нөхцөлд тохирсон ажлын байр хайх, ажилд орох СV намтар бичих, ярилцлаганд бэлтгэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах зэрэг ажил олохтой холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллээр хангадаг байна.
Хаяг: 서울시, 중구 삼일대로 363 장교빌딩
Утас: 02-2004-7301 /Бирж/, 02-731-9599 / Сөүл хотын хүүхэд залуучуудын ажлын байрыг дэмжих төв /