images

БНСУ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ИНСТИТУТ (KIPA)-ТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛ БОЛОВ.

Үйл явдлын мэдээ

2023-11-24

387

Профессор Я.Долгоржаваар ахлуулсан Удирдлагын академийн судалгааны багийнхан болон профессор Ын Жэ Хугаар ахлуулсан БНСУ-ын Төрийн захиргааны институтийн (КИПА) судлаачдын хамтран хийсэн “Монгол Улсын төрийн албаны эрхэмж, уламжлал, удирдлагын манлайллын талаарх олон нийтийн төсөөллийг судлах” судалгааны ажил 2023 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 01 хүртэл хэрэгжиж байгаа билээ.
 
Хамтарсан судалгааны үр дүнг нэгтгэсэн тайланг Монгол, Солонгос хэлээр хэвлэж, тайлангийн хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БНСУ-ын Сэжон хотод КИПА-гийн удирдах байгууллага болох Эдийн засаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны Үндэсний судалгааны зөвлөлийн (NRC) хурлын танхимд зохион байгууллаа. Тайлангийн хуралд Удирдлагын академийн судалгааны багийн ахлагч, профессор Я.Долгоржав, СЭША-ны Захиалгат судалгааны секторын эрхлэгч, дэд профессор В.Данаасүрэн нар оролцож судалгааны үр дүнгээ КИПА-гийн багийнхны хамт танилцуулав. Тус хуралд БНСУ-ын NRC-гийн ерөнхийлөгч Жүн Хэ Гү, КИПА-гийн ерөнхийлөгч Чой Сан Хан, судалгааны тайланд шүүмж өгөх БНСУ-ын гурван их сургуулийн профессорууд болон NRC-гийн 26 судалгааны институтийн төлөөлөл, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөл, КИПА-гийн судлаачид оролцов.
 
 
Монгол болон БНСУ-ын хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр яригдаж буй өнөө үед энэхүү хамтарсан судалгааг хийсэн нь цаг үеэ олсон, үнэ цэнтэй судалгаа болсныг оролцогчид цохон тэмдэглэж, цаашид илүү дэлгэрүүлэн судлах хэрэгцээ байгааг хэлж байлаа.
 
 
Хамтарсан судалгааны үр дүнг Монгол, Солонгос, Англи хэлээр хэвлүүлэхээс гадна 2024 оны намар Удирдлагын академийн 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл байдлаар танилцуулах юм.