“МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮН, ШИНЭ ҮЕИЙН СУДЛААЧДЫН СУДАЛГААНЫ ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.
БНСУ-ын Хангүг Гадаад судлалын сургуулийн Монгол хэлний тэнхим, Евроази-Монгол судлалын төвөөс зохион байгуулсан “Монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, шинэ үеийн судлаачдын судалгааны чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал, тус сургуулийн монгол хэлний тэнхим үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан эрдмийн баяр 11 дүгээр сарын 9-ний өдөр болов.
Хурлын нээлтэд ЭСЯ-ны Түр хамаарагч Ж.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд асан Д.Тэрбишдагва, Монгол Улсын шинжлэх ухааны академийн хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол, БНСУ, Япон улсын 20 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавив.
Соёл, аялал жуулчлал, хэл, улс төр эдийн засаг, монгол хэл бичиг гэсэн 4 салбар хуралдаан болж 25 илтгэл тавьж, нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хангүг Гадаад судлалын сургуулийн Монгол хэлний тэнхим байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд эрдмийн баярт ЭСЯ-ны атташе П.Содгэрэл оролцож мэндчилгээ дэвшүүлж, шилдэг хоёр оюутанд ЭСЯ-ны талархлын бичгийг гардуулж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв.