images

СОЛОНГОСТ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО SK-MAGIKO-ООС “INSIDER TALK” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Үйл явдлын мэдээ

2023-08-16

441

Энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр Солонгост сургууль төгсөгчдийн холбоо SK-MAGIKO-оос 15 дахь удаагийн “Insider talk” цуврал арга хэмжээг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны уулзалтын танхимд зохион байгууллаа.
 
 
Арга хэмжээний хүрээнд тус холбооны гишүүн, Виза Интернейшнл компанийн Бизнес хегжvvлэлт хариуцсан ахлах менежер Ж.Доржпагам “Виза компани, Визагийн клиент хариуцсан менежер юу хийдэг вэ?”, Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн докторант судлаач, нефтийн инженер А.Анударь “Монголын газрын тосны А талбайд нүүрстөрөгчийн давхар ислийг хадгалах буюу булшлах үр дүнтэй шийдэл болох, суперкритик CO₂ шахах ба карбонатлаг ус шахах аргуудын харьцуулсан судалгаа" сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. 
 
Энэ удаагийн арга хэмжээнд БНСУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооны шинэ сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд тэргүүн нар оролцсон бөгөөд суугаа улсад сурч буй оюутан залуучуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж буй тухай танилцуулж, мөн БНСУ-д суралцаж буй оюутан залуусыг тус холбооны фейсбүүк цахим хуудаст нэгдэхийг урьлаа. => www.fb.com/MongolianStudentsAssociationInKorea 
 
 
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Түр хамаарагч, Элчин зөвлөх Ж.Оюунбаатар арга хэмжээний илтгэгч нартай санал солилцож, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөртэй холбогдуулан ЭСЯ-ны зүгээс анхаарч ажиллахаа мэдэгдэв. Тэрээр эрдэм мэдлэгийн үр шимийг эх орондоо хүргэхийн төлөө хүч чармайлт, цаг гарган ажиллаж буй Солонгост сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутан залуусын эв нэгдэл, бүтээлч үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ.