БНСУ-д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ.
Энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Let’s Ko&Mong Network” НҮТББ-аас зохион байгуулсан “Follow Your Dream” Солонгост суралцахаар ирж буй оюутнуудад зориулсан шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн эхний арга хэмжээ Кореа Их Сургуульд болов.
“Let’s Ko&Mong Network” НҮТББ нь Монгол Улс руугаа чиглэсэн тогтвортой урт хугацааны нийгмийн төслүүдийг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаа БНСУ-д суралцахаар ирсэн шинэ оюутнуудаа дэмжих зорилгоор хүлээн авч уулзан шаардлагатай мэдээ мэдээллийг тэдгээр залууст түгээх ажлыг зохион байгуулав.
Шинэ ирсэн оюутнуудад орчиндоо хурдан дасах, сурах арга барилаа сайжруулах, оюутны амьдралаа үр дүнтэй өнгөрүүлэх,цаашилбал цагийн ажил хийх зэрэг практик ач холбогдол бүхий олон асуудлаар туршлагатай залуус зөвлөгөө өгч яриа өрнүүлэв.
Чуулга уулзалтаар салбартаа амжилттай ажиллаж буй “Let’s Ko&Mong Network” ТББ-ын тэргүүн Б.Урангоо, Visa International компанийн ахлах менежер Ж.Доржпагам, Samsung группийн, олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга, Кореа их сургуулийн судлаач профессор Л.Мөнхнасан, БНСУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх цагаачлалын албаны мэдээллийн төвийн зөвлөгч Д.Очгэрэл, “Dream On Korea” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, солонгос хэлний багш М.Хулан, “Leader book” ХХК-ийн үүсгэн байгуулагч докторант Ж.Янжинлхам, AZ даатгалын компанийн зөвлөх Н.Батбуян нар илтгэл тавив.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар оролцож мэндчилгээ дэвшүүлэн илтгэгчид болон оюутнуудтай чөлөөтэй ярилцаж зөвлөгөө өгөв.
Эх орныхоо хөгжлийн төлөө эрдэм мэдлэгт шамдан суралцаж буй БНСУ дахь Монгол оюутнууддаа эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.