images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХАН ДУН ХҮН-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үйл явдлын мэдээ

2023-02-14

381

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг таван “Ш” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа бүхий л салбарт тэлж, БНСУ-тай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо үлэмж нэмэгдэж, БНСУ-д эмчлүүлэх, аялал жуулчлалаар явах болон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1999 онд 5,000 орчим байсан бол эдүгээ 200 мянгад хүрч, манай улсын 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгааг дурдав.

 Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох” жилээр зарласантай холбогдуулан БНСУ-ын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлж, манай улсад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн энэ хугацаанд визийн хөнгөлөлт үзүүлэх, цаашид харилцан визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд  БНСУ-ын Хууль зүйн сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.

Хууль зүйн сайд Хан Дун Хүн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх чиглэлд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагаанд амжилт хүсээд, энэ чиглэлд хамтарч ажиллах, тэр дундаа Солонгосын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгийг онцоллоо.
Монгол, солонгос иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг БНСУ-ын Хууль зүйн яам нухацтай судалж буйг хэлээд, иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал үзүүлэлтийн нэг нь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоог бууруулах, тухайн улсын хууль журмыг дээдлэн харилцан адил мөрдөхийн чухлыг тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс Яньян болон Жэжү рүү зорчих бүлэг жуулчдыг визгүй зорчих шийдвэр гарган хүчин төгөлдөр хэрэгжиж буйг дурдаад цаашид монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.

Эх сурвалж: https://mfa.gov.mn/