images

БНСУ ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЭСЯ-НД ЗОЧЛОВ.

Үйл явдлын мэдээ

2022-12-07

340

БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны шинээр сонгогдсон тэргүүн А.Золзаяа холбооныхоо төлөөллийн хамт энэ оны 12 дугаар сарын 6-ны өдөр ЭСЯ-нд зочилж, холбооны үйл ажиллагаагаа танилцуулав.

БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо нь 2010 онд байгуулагдсан бөгөөд үндэсний соёл урлагаа гадаадад сурталчлах, бага болон өсвөр насны хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд анхаарч, хүнд өвчтэй хүүхэд, эхчүүдийг эргэх, сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийллийн эсрэг тандалт, судалгааг эхлүүлж, сэтгэл заслын сургалт хийх, үндэсний баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах зэргээр соёл, хүмүүнлэгийн чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж иржээ.

Элчин сайд Э.Сарантогос Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч, хилийн чанад дахь Монгол эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар санал солилцож, ялангуяа БНСУ-д суралцаж байгаа өсвөр насны хүүхдүүдийн шилжилтийн нас, хэл соёлын ялгаанаас үүдэлтэй сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, хүүхдүүд сургуулийн орчинд ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлэлд өртөх эрсдлийг бууруулах зэрэг олон чухал сэдвүүдийг хөндөж, хүүхдүүд рүү чиглэсэн тодорхой арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэхээр ярилцав. Тухайлбал БНСУ-ын алслагдмал бүс нутагт оршин сууж, суралцаж байгаа хүүхдүүдийг бүртгэлжүүлж, мэдээллийн сантай болох, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарч Монгол, Солонгос хэл дээрх сурах бичиг, ном товхимол гаргах, хүүхдийн сэтгэл заслын сургалтын (Бага насны хүүхдийн зурж байгаа зургаар хүүхдийн сэтгэл зүйг илэрхийлдэг мэргэжлийн багш ажилладаг) чиглэлд анхаарч ажиллахаар болов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Э.Сарантогос тус холбоог үүсгэн байгуулалцаж, холбооны гишүүн болон тэргүүнээр олон жил идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан хатагтай Ч.Чулуунцэцэгт ЭСЯ-ны талархлын бичиг гардуулав.

Мөн тус холбооноос ЭСЯ-ны Консулын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.