ХАРЬЯАТААС ГАРАХ

2026-04-03


     МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

1.Өргөдөл

Өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичнэ. Жишээ нь: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа гээд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргах нь хэмээн гарчиглана.

Өргөдлийн эхэнд өөрийн тухай товч намтар байхаас гадна харьяат болохыг хүссэн улс, хөдөлмөр эрхлэлтийн байдал, 18 хүртэлх насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх,  харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо зэрэг мэдээллийг  тодорхой тусгана. Харин өргөдлийн дунд хэсэгт Монгол Улсын харьяатаас гарах шалтгааныг дурдах ба өргөдлийн төгсгөлд Монгол Улсын харьяатаас гаргаж өгнө үү гэсэн агуулгаар өгүүлбэрийг төгсгөнө.

Өргөдлийн төгсгөлд гэрийн хаяг, холбоо барих утас, регистрийн дугаараа бичиж, овог нэр бичиж гарын үсэг зурж баталгаажуулна.

2.Гурван үеийн намтар

Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч /Овог, нэр/ миний гурван үеийн намтар гэсэн гарчигтай байх бөгөөд 1-р хэсэгт, өвөг эцэг, эмэг эхийнхээ, 2-р хэсэгт эцэг, эхийн, 3-р хэсэгт өөрийнхөө болон эхнэр/нөхрийн намтрыг бичих ба төгсгөл хэсэгт гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн гээд овог нэрээ бичиж гарын үсэг зурж баталгаажуулна. Гурван үеийн намтар хэд хэдэн хуудас болж байгаа бол хуудас тус бүрийн доор гарын үсгээ зурж баталгаажуулна. Хэрэв Танд өөрийн эцгийн талын мэдээлэл байхгүй бол энэ талаар тайлбар бичиж, эхийн талыг бичнэ.

3.Мэдүүлгийн хуудас

Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудасны асуулт бүрийг товч, тодорхой хариулж бичнэ. Хуудас бүрийн баруун доод өнцөгт гарын үсэг зурж баталгаажуулна. /ЭНД ДАРЖ АВНА УУ/

4.Бичиг баримт нотариатын байгууллагаар баталгаажуулах

Доорх бичиг баримтуудыг нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн байхыг шаардана.

-Төрсний гэрчилгээ

-Иргэний үнэмлэх

-Гадаад паспорт

-16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,

-Гэрлэлийн гэрчилгээ, гэрлэлт бүртгэлгүй бол энэ тухай лавлагаа, гэрлэлт цуцлуулсан бол холбогдох байгууллагуудын шийдвэр зэргийг хавсаргана.

5.Эхнэр/ нөхрийн зөвшөөрөл

Таныг Монгол Улсын харьяатаас гарахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий өргөдлийг гараар бичиж, иргэний үнэмлэхийг нь хуулбарлан хавсаргаад нотариатаар батлуулсан байна.

6.Хүүхдийн хамт харьяатаас гарах бол

16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн байна. Мөн хүүхэдтэй холбоотой дараах бичиг баримтуудыг хавсаргана. 

-Хүүхдийн төрсний гэрчилгээ

-Хүүхдийн гадаад паспорт

-Хүүхэд 16 насанд хүрсэн тохиолдолд түүний гараар бичсэн өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн хувийн хамт бүрдүүлнэ.

7.Улсын тэмдэгтийн хураамж /ЭСЯ-ны Консулын хэлтэс дээр тушаана/

8.Цээж зураг 3 хувь /хэмжээ: 4Х6/

9.Өр төлбөр, нэхэмжлэлгүй талаарх тодорхойлолт

Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй талаарх тодорхойлолтуудыг дараах байгууллагаас авна.

-Шүүхээс /шүүхийн төрөлжсөн архив/

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас  

-Оршин сууж байсан дүүргийн татварын байгууллагаас

-Сургалтын төрийн сангаас

10.Харьяат олгосон тухай зөвшөөрөл

Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрлийг Монгол хэлнээ орчуулж, нотариатаар батлуулсан байна.   

법무부 귀화 허가 통지서                           

ХЗЯ-ны БНСУ-ын харьяалал олгосон тухай зөвшөөрлийн бичиг