images

МОНГОЛ ИРГЭДИЙН БНСУ-Д ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛААР БНСУ-ЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ ДАРГА И ЖЭ ЮҮТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Үйл явдлын мэдээ

2024-01-24

418

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр солонгосын талтай Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын үзүүлж эхэлсэн.
 
 
Дээрх ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд нар 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналуудыг тавьж, санал солилцов. Тухайлбал, олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн визийн хүсэлтийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцов.
 
Эх сурвалж:Гадаадын иргэн харъяатын газар