images

МОНГОЛ УЛС, БНСУ ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2023-12-24

372

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.
 
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Чангёнг Ан нар Хэлэлцээний багийн ахлагчийн хувиар нээлтийн үг хэлж, хэлэлцүүлгийн эхлэлийг тавилаа.
 
 
 
 
Хэлэлцээ нь 2023 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны бусад салбарыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр хэлэлцээг нарийвчлан өрнүүлэх юм.
 
Энэхүү хэлэлцээрийн зорилго хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зэрэг болно.
 
Энэ удаагийн хэлэлцээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд оролцож байна.
 
 
Эх сурвалж:Эдийн засаг, хөгжлийн яам