images

БНСУ-ын Дангүг Их сургуулиас монгол судлаач, оюутнуудад зориулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Үйл явдлын мэдээ

2023-05-19

404

БНСУ-ын Дангүг Их сургуулиас энэ сарын 19-ний өдөр тус Их сургуулийн монгол судлаач, оюутнуудад зориулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Э.Сарантогос “Ази, Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. 

Хуралд Дангүг Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор Рю Бён Жэ, профессор И Сона, багш Ч.Оюунгэрэл, Б.Норовням нар болон Дангүг Их сургуулийн Монгол хэлний тэнхим, Монгол судлалын хүрээлэнгийн багш судлаачид, оюутнууд оролцов.

Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд, зорилт, гуравдагч хөршийн бодлогын талаар танилцуулж, Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлж байгаа талаар танилцууллаа. Тэрээр мөн өдөр Дангүг Их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгээр зочилж, тус хүрээлэнгийн дэд захирал Ган Жүн Ён, судлаач Л.Долгормаа, Ч.Наранцэцэг нартай уулзав.

Энэхүү хүрээлэн нь 2008 онд байгуулагдсан БНСУ дахь анхны Монгол судлалын хүрээлэн юм. Тус хүрээлэн нь Зүүн Хойд Ази болон Төв Азийн бүс нутгийн судалгаанд түлхүү анхаарч нэн ялангуяа монгол үндэстний хэл, соёл, түүх, нийгмийн чиглэлээр цогц судалгаа хийдэг. Дангүг Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгээс хамгийн олон үгийн сан бүхий хоёр боть “Монгол-Солонгос их толь” бичгийг 2023 онд эрхлэн гаргаад байна.