МОНГОЛ УЛСЫН ЕРӨНИЙ САЙД Н.УЧРАЛ БНСУ-ЫН И ЖЭ МЁНД БАРААЛХАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнд бараалхав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнд бараалхаж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал энэхүү төрийн айлчлал нь Монгол, Солонгосын харилцааг шинэ шатанд гаргаж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, батлан хамгаалах, дэд бүтэц, эрчим хүч, дэвшилтэт технологи, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чиглэлээр Засгийн газар хоорондын нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.