ХЭТ ХАЛАЛТ, ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛНО УУ.
ХЭТ ХАЛАЛТ, ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛНО УУ.
БНСУ-д зуны хэт халалт, борооны улирал эхэлж байгаа энэ үед тус улсад аялал жуулчлал болон хувийн зорилгоор зорчих, далай, усан сан зэрэг амралт, зугаалгын газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
БНСУ-д жил бүрийн 7-8 дугаар сард хэт халалт олон хоногоор үргэлжилж, агаарын температур, чийгшил огцом нэмэгдэхийн зэрэгцээ их хэмжээний усархаг аадар бороо орж, үер, хөрсний гулгалт, далайн хүчтэй давлагаа, хар салхи зэрэг байгалийн гамшгийн эрсдэл өндөр байдаг. БНСУ-ын холбогдох байгууллагын мэдээлснээр энэ жил зуны улиралд агаарын хэм олон жилийн дунджаас өндөр, хэт халалтын үргэлжлэх хугацаа урт, хур тунадасны хэмжээ ахиу байх төлөвтэйг анхааруулж байна.
Хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй иргэд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст төдийгүй нийт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн усархаг аадар борооны улмаас гол, нуур, далайн усны түвшин огцом нэмэгдэж, үер, хөрсний гулгалт зэрэг аюултай нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байдаг.
Иймд БНСУ-д оршин суугаа болон аялахаар төлөвлөж буй иргэд Та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөн, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
1. Халуун цаг агаарын үед:
• Ус тогтмол ууж, шингэний дутагдалд орохоос сэргийлэх;
• Өдрийн 11:00-17:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан хугацаагаар явахгүй байх. Ялангуяа, өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд, архаг өвчтэй хүмүүс аль болох сэрүүн, сүүдэртэй газарт байх;
• Малгай, шүхэр, нарны хамгаалалтын хэрэгсэл хэрэглэж, сул, нимгэн хувцас өмсөх;
• Толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, бие сульдах, ухаан балартах, өндөр халуурах зэрэг халуунд цохиулсан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах;
• Архи, согтууруулах ундаа, хэт чихэрлэг болон кофейн ихтэй ундаа хэрэглэхээс татгалзах;
• Нарны шууд тусгалд биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэх, дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх.
2. Далайн хар салхи, аадар бороо, үерийн эрсдэлт үед:
• Цаг агаарын мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол шалгах;
• Гол мөрөн, нам дор газар, газар доорх гарц, В1 болон түүнээс доош давхрын авто зогсоол зэрэг үерлэх эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийж, шаардлагатай тохиолдолд эрсдэлт бүсээс нэн даруй гарах;
• Үер, хөрсний гулгалтын эрсдэлтэй бүсэд аялал, зугаалга хийхгүй байх;
• Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд орон нутгийн эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөх;
• Паспорт болон бусад бичиг баримтаа найдвартай хадгалж, цахим хуулбарыг урьдчилан бэлтгэх;
• Нислэг, галт тэрэг, нийтийн тээврийн хөдөлгөөний мэдээллийг урьдчилан шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх;
• Усны түвшин нэмэгдэж, үерийн аюул үүссэн үед зориулалтын гарцаар зорчиж, аюулгүй, өндөрлөг газарт шилжин байрлах;
• Үерийн ус руу явган болон тээврийн хэрэгслээр нэвтрэхийг оролдохгүй байх.
3. Далайн эрэг, аялал жуулчлалын бүсэд:
• Цаг агаар, далайн нөхцөл байдал болон анхааруулга, сэрэмжлүүлгийг албан ёсны мэдээллийн эх сурвалжаас тогтмол авч, зөв мэдээллийг бусдад түгээх;
• Усанд сэлэхдээ зөвшөөрөгдсөн бүсийг сонгож, аюулгүй байдлыг хангах ажилтантай хэсэгт, хараа хяналттай газар сэлэх;
• Аврагчийн өгсөн анхааруулга, зааврыг чанд мөрдөж, улаан тугтай үед усанд орохгүй байх;
• Бага насны хүүхдэд усны аюул, эрсдэлийн талаар ойлгуулан тайлбарлаж, усан сан, далайн эргийн орчимд хараа хяналтгүй орхихгүй байх;
• Завь, усан спортын үйл ажиллагаанд оролцохдоо аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөх, аврах хантааз зэрэг хамгаалах хэрэгслийг заавал өмсөх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ төрлийн үйл ажиллагаанд оролцохгүй байх.
Ахмад настан, бага насны хүүхэд, ганцаараа амьдарч буй оюутан, залуус болон гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг тогтмол асууж, шаардлагатай үед тусламж, дэмжлэг үзүүлэн анхаарал халамж тавихыг зөвлөж байна.
Иргэн бүрийн сонор сэрэмж, хариуцлагатай үйлдэл нь зөвхөн өөрийн төдийгүй гэр бүл, ойр дотнын хүмүүс болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чухал үндэс болно.
СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАМГААЛЦГААЯ.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТСИЙН ХАЯГ:
Сөүл хот Ёнсан дүүрэг Дэсагуан-ро 34 гил, 41, “Сэмаыл гымго” барилгын 2-р давхар
ЭСЯ-ны Консулын хэлтсийн утас: 02-798-1950,
Факс: 02-798-3465
Яаралтай үед холбогдох утас: 010-9595-3464
БНСУ-ЫН ПУСАН ХОТ ДАХЬ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАЯГ:
Пусан хот, Хэүндэ дүүрэг, Сентөм гудамж 99, Пегсан и-Сентөм клас 1, 14 дүгээр давхар, 1410 тоот
Утас: 051-465-9996
Факс: 051-465-9997
Яаралтай үед холбогдох утас: 010-5339-6090
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа
Элчин сайдын яам