images

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-05-29

54

Чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сөүл хотноо “Чухал ашигт малтмал” сэдвийн хүрээнд бизнес форумыг хоёр дахь жилдээ Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн, Аж үйлдвэрийн технологи хөгжлийн хүрээлэн хамтран зохион байгуулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бизнес форумын оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс, БНСУ-ын уул уурхай, эрдэс баялаг, өндөр технологи, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ тогтмолжиж буйг онцлон тэмдэглэв.

Элчин сайд С.Сүхболд форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхийн өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт стратегийн найдвартай түнш болох боломжтой бөгөөд Монгол Улс, БНСУ харилцан бие биеэ нөхсөн, урт хугацааны стратегийн түншлэлээ улам эрчимжүүлэх өргөн боломжтой” хэмээн онцлов.

Форумд Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой БНСУ-ын 30 орчим компанийн төлөөлөгч, түүний дотор Posco, Korea Zinc, Hanwa-mtech, WSTK, KCH, Gaon Platform зэрэг компанийн төлөөлөгчид Монгол дахь үйл ажиллагаа болон бизнес төлөвлөгөөгөө танилцуулав.

Өнгөрсөн жилийн форум хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал эхлэл болсон бол энэ удаагийнх бодит түншлэл, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл, урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгоход чиглэсэн үр дүнтэй хэлэлцүүлгийн индэр боллоо.