images

ОЮУТАНЫ АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-05-27

49

ОЮУТАНЫ АСУУДАЛД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Б.Энхсүх нар 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус улсад сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй Элчин сайдын яамд уулзав.

Уулзалтаар БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй хийсэн яриа хэлэлцээгээр иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн зорилгоор зорчиж буй иргэдийн нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлагыг өндөржүүлэх, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцуулав.

Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн солонгосын талтай хамтран ажиллахаар болсон, сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны 9 дүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтойг танилцуулав.

Иргэдийн зүгээс эцэг, эхийн хараа хяналтгүй оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал, хүсэлтээ илэрхийллээ.