images

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ 5 ДУГААР САРД БОЛНО

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-05-15

118

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ЭЭЛЖИТ СУРГАЛТ 5 ДУГААР САРД БОЛНО

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа монгол иргэдийн үйлдэж буй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ.

“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд зохион байгуулж буй ээлжит сургалтыг 5 дугаар сарын 20-ны өдөр БНСУ дэх Монгол сургуулийн ахлах ангийн сурагчид, Ёнсей их сургууль, 5 дугаар сарын 21-нд Корё их сургууль, Инха их сургууль, 5 дугаар сарын 27-нд Хансө их сургуульд тус тус зохион байгуулна.

Энэ удаагийн сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс шинэ орчинд дасан зохицох, стресс, бухимдлыг даван туулах, нойргүйдэл, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар, БНСУ-ын Мансууруулах бодис, хар тамхитай тэмцэх төвөөс архи болон бусад хорт зуршлын сөрөг нөлөө, түүнээс ангижрах, урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бодит тохиолдол, жишээгээр, Санжэ хөдөлмөр өмгөөллийн товчооноос оюутны цагийн хөдөлмөр эрхлэлт, визийн ангилал өөрчлөхөд анхаарах асуудал, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас суугаа орны хууль, дүрэм, “Awezome” төслийн зүгээс Солонгос дахь амьдралын дүрэм журмын сэдвээр залуучуудын дунд зохион байгуулах видео контентын уралдааныг танилцуулна.

Түүнчлэн, БНСУ дэх МИАТ-ын төлөөлөгчийн газраас “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны сургалтад хамрагдсан оюутан, залууст хямдралтай үнээр онгоцны тийзийн захиалга хүлээн авах үйлчилгээ үзүүлэх тул сургалтад оюутан Та бүгдийг идэвхтэй, санаачилгатай оролцохыг уриалж байна.