НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ БЕАТЕ ДАСТЕЛ-ЫГ ХҮЛЭЭН АВЧ, САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд С.Сүхболд энэ 4 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Беате Дастел-ыг хүлээн авч, Монгол хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд, Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Ерөнхийлөгчид 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орсон ба үүнээс өмнө ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсныг танилцуулж, олон улсын байгууллага, эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай гэв. Суурин төлөөлөгч Беате Дастел-ын хувьд энэ оны 2 дугаар сард үүрэгт ажилдаа албан ёсоор орсон ба өмнө нь Жибути, Лаос, Бутан зэрэг улсуудад ажиллаж байсан туршлагатай болохоо танилцуулж, цаашид Монгол хүүхдийн боловсролыг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн уулзалтын үеэр талууд Монгол хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр ойр хамтран ажиллаж байхаар тохиролцов.