СОЛОНГОС ДАХЬ 11,000 ОРЧИМ МОНГОЛ ХҮҮХДЭД АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ
Солонгос дахь 11,000 орчим монгол хүүхдэд анхаарах цаг болжээ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Монгол, Солонгос хэл бичиг, соёлын төвтэй хамтран “Солонгос улс дахь Монгол хүүхдийн боловсрол” сэдвээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт Сөүл хотын Боловсролын газар, Олон соёлт боловсролын нэгдсэн төв, Хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төв, БНСУ дахь ТББ-ын нэгдсэн завлөл болон төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 50 гаруй иргэд оролцов. Арга хэмжээг нээж, Элчин сайд С.Сүхболд үг хэлэхдээ суугаа оронд 0–19 насны Монгол Улсын иргэншилтэй 11,462 хүүхэд БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд цаг үеээ олсон, чухал, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаад талархал илэрхийлэв.
Суугаа орны Орон нутгийн захиргаанаас хэрэгжүүлж буй гадаад хүүхдийн боловсролыг дэмжих тогтолцоо, сургуулийн орчинд дасан зохицох, хэлний бэрхшээл, түүний үр дагаврын талаар хэлэлцэв. Ялангуяа, эцэг эх, асран хамгаалагчаа даган БНСУ-д амьдарч буй хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд хос хэлний бэрхшээл нь суралцах идэвх, сурлагын амжилт, нийгэмшил, үндэсний ондоошол, эх хэлний мэдлэгт нийтлэгээр сөрөг нөлөө үзүүлж байгааг доктор Н.Өнөрцэцэг илтгэлдээ онцоллоо. Мөн БНСУ-д төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад сургуулийн насанд шилжин ирсэн хүүхдүүдийн сурлагын үзүүлэлт харьцангуй сул байгаа төдийгүй эх хэлээрээ ойлгох, сэтгэх чадвар хангалтгүй байгаа нь ажиглагджээ.
Түүнчлэн, БНСУ-д төдийгүй хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих хүрээнд хос хэлний бэрхшээлийг шийдвэрлэх цогц бодлого боловсруулах шаардлагатай байгаа талаар онцлов.