images

“ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2026-03-20

22

“ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Элчин Сайд С.Сүхболд 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын Ойн агентлагаас жил бүр хамтран зохион байгуулдаг Олон улсын ойн өдрийг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдсан “Ой ба эдийн засаг” арга хэмжээнд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “… Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж, сүүлийн гурван жилийн хугацаанд 86 сая суулгац тарьж, 84 сая гаруй модыг амжилттай ургуулж, 1.9 тэрбум модыг хортон шавжаас хамгаалж, экосистемд үзүүлэх эерэг нөлөөг хангаж буй …” талаар танилцуулав.

Түүнчлэн ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17) зохион байгуулахаар бэлтгэл үргэлжилж буйг мэдээлж, энэхүү чуулган нь дэлхий дахинд тулгамдаж буй байгаль экологийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, газрын доройтолтой тэмцэх үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах чухал боломж болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” (International Day of Forests, IDF) болгон зарлаж, ойн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр улс орнууд ой, модтой холбоотой үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.