ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чол-той 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сөүл хотноо уулзав.
Сангийн сайд Б.Жавхлан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 36 жилийн хугацаанд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж буй, Солонгосын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд чухалыг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төсөл нь хүн амыг хавдарын өвчнөөс урьдчилан сэргийлэх, улмаар амь насыг аврах, хүмүүнлэгийн ач холбогдолтой, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гээд төслийн ТЭЗҮ-ийг шуурхай эхлүүлэх асуудлаар талууд нэгдсэн ойлголтод хүрэв.
Шадар сайд Гү Юн Чол хэлэхдээ ашигт малтмалыг баяжуулах технологи өндөр хөгжсөн Солонгос улсын хувьд байгалийн баялагийн арвин нөөцтэй Монгол Улстай хамтарч ажиллах, мөн эрүүл мэндийн төсөлд үргэлжлүүлэн санал солилцож, ажиллахаа илэрхийлэв.
Сайд Б.Жавхлан “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” 2025 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн нь энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны чухал эхлэлийн цэг болсныг тэмдэглэв. Талууд хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагаанд түшиглэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй буйгаа харилцан нотлов.