“МОНГОЛ ТАУН”-НЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАВ
“МОНГОЛ ТАУН”-НЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАВ
БНСУ-д амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдэд ЭСЯ-ны зүгээс хүрч ажиллах зорилтын хүрээнд Элчин сайд С.Сүхболд энэ удаагийн уулзалтаа Сөүл хотын Дундэмүн дүүргийн “Монгол таун” төвийн орчимд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй монгол иргэдтэй 11 дүгээр сарын 2-ны өдөр хийлээ.
Уулзалтаар Элчин сайд С.Сүхболд хоёр улсын харилцаа, төсөл, хөтөлбөрийн талаар товч мэдээлж, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр суугаа улсын Засгийн газар, яам, агентлаг, Үндэсний Ассамблейн гишүүдтэй хамтран ажиллаж буй, ЭСЯ-наас иргэдэд чиглэсэн үйлчилгээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо.
Тэдний зүгээс “Монгол Таун”-д ирж буй иргэдэд зориулсан ЭСЯ-ны консулын үйлчилгээний мэдээллийн булан бий болгох, эмчилгээний төлбөр, гэр бүл, хүүхдийн боловсрол, суралцаж буй оюутаны хөдөлмөр эрхлэлт, мэргэжил сонголт, бизнесээ өргөжүүлэх, цаашид хамтын ажиллагааны шинэ хүрээг бий болгох зэргээр санал, бодлоо илэрхийллээ.
Сөүл хотын Дундэмүн дүүргийн “Монгол таун” төвийн орчим монголын 40 гаруй бизнес эрхлэгчид тээвэр зууч, худалдаа, харилцаа холбоо, гоо сайхан, нийтийн хоолны газар зэрэг үйлчилгээ үзүүлж байна.