images

"ХҮҮХЭД ЭЦЭГ, ЭХЭЭ СОНГОЖ ТӨРДӨГГҮЙ" АСУУДЛЫГ ДАХИН ХӨНДЛӨӨ

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

2025-11-07

1

“Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй” асуудлыг дахин хөндлөө

Элчин сайд С. Сүхболд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын Бодлогын ахлах зөвлөх И Вон Жонтой уулзав.

Уулзалтаар тус улсад оршин суугаа гадаад иргэд, тэр дундаа албан ёсны бүртгэлгүй монгол хүүхдийн эрхийг хамгаалах, “Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй учраас тэдний жам ёсны эрхийг хангах нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл юм”, тэдний боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэху хууль эрх зүйн орчныг сайжруулахад Үндэсний Ассамблейн зүгээс анхаарал хандуулахыг хүсэв.

Түүнчлэн, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр болон бусад нөхцөлөөр ажиллаж буй гадаад болон монгол иргэд үйлдвэрийн ослын улмаас хохирч буйд онцгой анхаарах, тэдний нөхөн төлбөр, хууль ёсны эрхийг нь хамгаалахад авч буй арга хэмжээний талаар ярилцав.

Ахлах зөвлөх И Жон Вон “Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ оны 04 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсоныг тэмдэглээд энэ үеэр яригдсан асуудлыг бодит ажил хэрэг болгох, тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад онцгой анхааран ажиллаж байгааг дурдав.

Мөн энэхүү уулзалтаар Солонгосын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй “10 аймгийн дулааны цахилгааны станц”, “Баян гол амын орон сууц”, “Солонго 1, 2 хороолол” төслийн хэрэгжүүлэлтийн зарим асуудлаар санал солилцлоо.

Талууд хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов.