ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨСЛИЙГ ОНЦЛОВ.
Хөгжлийн хамтын ажиллагааны төслийг онцлов
БНСУ-ын Төлөвлөлт, сангийн яам, ЭКСИМ банкы 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан “2025 EDCF Dissemination Conference” арга хэмжээнд Элчин сайд С.Сүхболд оролцлоо.
Солонгосын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (EDCF) нь БНСУ-ын Засгийн газраас хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 1987 онд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн сан юм.
Энэ арга хэмжээний нээлтэд Элчин сайд С.Сүхболд хэлэхдээ Монгол Улс болон БНСУ-ын Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд тус сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй нийт 19 төсөл нь хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны бодит үр дүн болохыг онцоллоо.
Мөн “Солонго–1, 2” болон Баянголын аманд хэрэгжиж буй орлогод нийцсэн орон сууцны төсөл нь иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг дурдав.
Цаашид тус сангийн 2025–2027 оны дунд хугацааны тэргүүлэх чиглэл болох ногоон хөгжил, дижитал шилжилт, нийлүүлэлтийн сүлжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, дижитал технологид суурилсан эрүүл мэнд, хүний хөгжлийн салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг онцоллоо.