МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, УИХ-ЫН МОНГОЛ-СОЛОНГОСЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
БНСУ-ын Үндэсний ассамблейн урилгаар айлчлал хийж буй Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд Д.Батбаяр, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, Д.Рэгдэл, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нар 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус улсад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй Элчин сайдын яамд уулзалт хийлээ.
Уулзалтаар БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг монгол соёл, хэл, бичгийн сургалтын төвүүдэд сургалтын хувьсан зардал олгодог болох, багш, сурган хүмүүжигч нар мэргэжлийнхээ дагуу боловсролын салбарт хөдөлмөр эрхэлснээр тооцох, гадаадад оршин суугаа тусгай хэрэгцээт иргэдэд халамжийн тэтгэмж тогтоох нөхцөлийг хөнгөвчлөх, оюутны цагийн ажил хийх боломжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургууль дөнгөж төгсөөд төлөвшөөгүй үед их дээд сургуульд суралцахаар ирж байгаа нь гэмт хэргийн эрсдэлд орох, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул нутагт нь байх хугацаанд солонгосын хууль дүрмийг таниулан, сурталчлах арга хэмжээ авах, БНСУ-д төрсөн монгол хүүхдийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар санал тавьж, мөн сонирхсон асуултад УИХ-ын гишүүд хариулж, харилцан ярилцлаа.
УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён болон Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдэд иргэдийн хүсэлтийг тавьж, цаашид анхаарч ажиллахаа илэрхийлэв.