images

МОНГОЛ, СОЛОНГОС ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ХАМТАРСАН ҮЗҮҮЛБЭР БОЛЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-06-26

31

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Солонгосын соёлын нийгэмлэг хамтран “Монгол-Солонгосын үндэсний хувцасны хамтарсан үзүүлбэр” арга хэмжээг энэ 6 дугаар сарын 21-ний өдөр Инчон хотноо зохион байгуулав.
 
 
Тус арга хэмжээ нь хоёр орны үндэсний хувцсаар дамжуулан уламжлалт соёлыг нэг тайзан дээр харуулж буй соёлын дипломат харилцааны тод жишээ, харилцан хүндлэлийн бэлгэдэл, цаашдын хамтын ажиллагааны бат бөх гүүр болгох зорилготой юм.
 
 
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Солонгосын соёлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Самүэл, тус улсад суугаа ДТГ-ын Тэргүүн нар, Солонгосын бизнес, урлагийн байгууллагын төлөөлөл уригдан оролцлоо.
 
 
Элчин сайдын яамны урилгаар Монгол Улсыг төлөөлөн “Ө Көүтэри” компаний Гүйцэтгэх захирал, загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал оролцож, Монгол үндэсний хувцасны тансаг хийц, өв уламжлалыг харуулсан бүтээлүүдээ тайзнаа толилуулсан нь үзэгчдийн анхаарлыг татаж, Монголын уламжлалт хувцасны өнгө төрх, хийц, ур чадварыг орчин үеийн хэв маягтай уялдуулсан шинэлэг шийдлүүдээрээ онцлог байв.
 
 
Солонгосын уламжлалт хувцас ханбуг-ын гоо зүй, түүхэн үндэслэл, орчин үеийн чиг хандлагатай хосолсон бүтээлүүд мөн толилуулагдсан нь арга хэмжээг улам баяжуулсан юм.