СӨҮЛ ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЧОЙ ХУ ЖОН-ТОЙ УУЛЗАВ.
Элчин сайд С.Сүхболд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чой Ху Жон-той уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг дурдаад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд шат ахиулан хөгжүүлэхэд Улаанбаатар, Сөүл хотууд хоорондын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Сөүл хотноо үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд манай иргэд олноор оршин суудаг Сөүл хотын аль нэг дүүрэгт Монгол сургуулийг өргөтгөн шинээр байгуулж, хүртээмжтэй, тэгш чанартай боловсрол олгох, сургалтын материаллаг орчныг бүрдүүлэх чиглэлд Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэлт болгов.
Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чой Ху Жон сүүлийн жилүүдэд хоёр улсын нийслэл хотуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагаа өргөжин тэлж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд өнгөрсөн оны 12 дугаар сард Сөүл хотноо үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан тухайгаа дурдаж, Монгол хүүхдүүдийн сурч боловсрох орчныг хангах асуудлыг анхааралдаа авна гэв.
Мөн Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болон Улаанбаатар хот Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.